ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНД АЖИЛЛАА

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид “Мэдээллийн цаг” арга хэмжээг сар тутам зохион байгуулж, харьяа хэлтэс, алба, тасаг, дүүргийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллаж, мэдээлэл сонсдог. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ажиллаж, мэдээлэл сонслоо.

Газар зохион байгуулалтын албаны энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 70 орчим хувьтай байгааг тус албаны дарга Ж.Тамир танилцуулгынхаа үеэр дурдлаа. Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гуравдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу 147 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Тухайлбал, барилга байгууламжийн чиглэлээр 25 байршилд газар чөлөөлөх, найман байршилд орц, гарц чөлөөлөх гэх мэт дүүргийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх ажлууд тусгажээ.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн зүгээс газар зохион байгуулалттай холбоотой таван чиг үүргийн хүрээнд ажиллах талаар санал солилцлоо.

Нэгдүгээрт, тухайн газартаа олон жил амьдарсан ч газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй иргэнд газар өмчлөх гэрчилгээг нь олгох. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд суурьшсан 33 айл өрх газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй байгаа юм. Тэдний ихэнх нь газрын гэрчилгээгээ авч чадалгүй 10, 20 жил болж байгаа. Эдгээр өрхийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг хэллээ.

Хоёрдугаарт, зөвшөөрөлгүй барилгуудыг буулгах. Нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан, зөвшөөрөлгүй барилгуудыг буулгаснаар олон нийтийн эрх ашиг хамгаалагдана гэлээ.

Гуравдугаарт, иргэний өргөдөл гомдлын хариуг хуулийн хугацаанд шийдвэрлэх. Иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэйг онцлов.

Дөрөвдүгээрт, аль болох боломжтой хувилбараар орц гарцуудыг чөлөөлөх. Энэ нь түргэн тусламжийн машин болон гамшигт ослын үед галын машин орж, гарах боломжийг хязгаарлаж байгаа тул энэ ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй сануулав. Өмнө дурдсанчлан Газар зохион байгуулалтын алба энэ жил найман байршилд орц, гарц чөлөөлөхөөр төлөвлөөд байна.

Тавдугаарт, хүнд суртал, авлигал, хээл хахууль, ашиг сонирхлоос ангид байх. Олон нийтийн дунд газрын албатай холбоотой хардалт, гомдол их байдаг. Энэ эргэлзээг арилгахын тулд нээлттэй ажиллах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДА...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛ...

“ЕСӨН ЭРДЭНИЙН ХУРИМ” ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ З...

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IV Х...